2026 оны 10 сарын 15, пүрэв

С.Батдөлийг нэг сар хорихоор болжээ

С.Батдөлийг нэг сар хорихоор болжээ

НЭМЭЛТ:

Түүнийг нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир цагдан хорих шаардлагатай гэж үзсэн байна. Харин тэрбээр “Би нэмэлтээр ямар гэмт хэрэг үйлдэх гэж байгаа юм бол. Миний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг караоке, эхнэрийн нэр дээр байдаг гоо сайхны газрыг хураасан. Одоо надад юу ч байхгүй. Гэтэл зургаан байртай гээд худлаа мэдээлэл цацаж байна. Бүх эд зүйлээ хураалгачихаад, ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хараад байж байна" гэв. Түүнийг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа.

УБТЗ-ЫН ОРЛОГЧ ДАРГА С.БАТДӨЛИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ сарын 6-ны өдөр  саатуулж, 48 цаг хорьсон талаар бид мэдээлсэн. Хуулийн байгууллагаас түүнийг сулласан гэх мэдээлэл бий.

Тэгвэл түүнтэй холбоотой цагдан хорих шүүх хурал өнөөдөр /2023.01.09/-ны 10.00 цагт товлогджээ.

С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний зүйлс, тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд, худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг баримтууд гарч, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна" гэсэн юм.