2026 оны 10 сарын 15, пүрэв

ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙГ УРАЛДААН, ТЭМЦЭЭНЭЭР ДҮҮРЭН ЗАВГҮЙ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙГ УРАЛДААН, ТЭМЦЭЭНЭЭР ДҮҮРЭН ЗАВГҮЙ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

 Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор, Залуучуудын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос санаачлан, бүтцийн нэгжүүд дунд “Уурхайчдын дуу хоолой” караоке дууны уралдааныг зохион байгууллаа. Уурхайчдын авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг урлагаар дамжуулан нэгтгэх зорилготой тус уралдаанд 18 цехийн баг оролцож, гоцлол дуу, хамтлаг дуу, дуэт дууны төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан юм. “Уурхайчдын дуу хоолой” караоке дууны уралдааны шилдгээр Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн хамт олон орж, “Шилдэг дуэт дуучин” номинацид Барилга засварын цех, “Шилдэг гоцлол дуучин”-аар Засвар механикийн заводын ажилтан тодорсон юм.

Энэ удаагийн уралдааныг зохион байгуулагчид, шүүгчдийн саналаар Соёлын тэргүүний ажилтан, мэргэжлийн сургууль төгсөгч, ардын авьяастныг уралдаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь шинэ залуу ажилтнуудын авьяасыг нээх, тэднийг олон нийтийн үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэжээ. Уралдааны үеэр авьяаслаг залуу ажилтнуудыг тодруулж, ирэх жил тохиох үйлдвэрийн 45 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаанд оролцуулахаар төлөвлөж байгаа талаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Нямдэлгэр яриандаа онцоллоо. 

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбоо, “Юнител” групптэй хамтран энэ сарын 10-11-ний өдрүүдэд “PUBG mobile champion” е-спортын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

эх сурвалж: https://erdenettoday.mn/art/5604