УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.12/ мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Цаашид байгалийн баялаг, төрийн өмчийн менежменттэй холбоотой асуудлыг авч үзэх хэрэгтэй байна. Нэг удаа асуудал гарлаа гээд орхих бус ийм асуудал гарахгүй байх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд яаралтай гурван хуулийг УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. Үүнд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компаниудын хууль, Уул уурхайн бүтээгдэхүүн, биржийн тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, ирэх долоо хоногт батлах шаардлагатай гэж үзсэн. Ингэснээр өмч, байгалийн баялгийн менежментийг шинэчлэх нь зүйтэй.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаж, гэрээ хийж байгаа асуудал сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн. Үүний эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал тавьсан. Гэрээ байгуулахтай холбоотой асуудлыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр бус хуулиар, Засгийн газар, УИХ шийддэг болъё. Энэ асуудлыг нууцаар шийддэгээ болиулъя. Эдгээр гурван шийдлийг МАН-ын бүлгээс гаргалаа.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ирэх Лхагва гаригт нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд авлигын гэмт хэргийн заалт бий. Шийтгэлийн бодлогыг чангатгана. Авлигын хэргээр шийтгүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэхгүй.
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан