Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва тэргүүтэй яамны удирдлагын төлөөлөл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байна. Үдээс өмнө тэд үйлдвэрийн газрын удирдлагууд, уурхайчин хамт олны төлөөлөлтэй уулзалт хийж, салбарын яамны бодлого чиглэл, өрнөж буй үйл явдал, ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлуудыг Засгийн газар хэрхэн шийдвэрлэснийг танилцууллаа. Энэхүү уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа, Сайдын зөвлөх А.Батсайхан, Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан, Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группийн дарга Х.Бадамсүрэн нар оролцсон юм. Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон дэлхийн зэсийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар тойм мэдээлэл хийж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. 44 жил тасралтгүй ажилласан Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга жил ирэх тусам тогтмол буурч, тэр хэрээр зардал өсөж байгаа энэ үед үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг бууруулахгүй байх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна. Энэ зорилтын хүрээнд 2022 онд Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэл хийж, Нунтаглан баяжуулах хэсэгт жилд 12 сая тонн хүдэр нэмж боловсруулах хам баяжуулалтын шинэ шугам барьж, Цэвэр ус дамжуулах 3-р шугамын бүтээн байгуулалтыг дуусгаж ашиглалтад хүлээн авснаа энэ үеэр танилцуулав. Мөн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих, Үйлдвэрлэл, технологийн паркийг холбогдох дэд бүтэц, бүрэлдэхүүнт үйлдвэрүүдийн хамт байгуулах ажил ид өрнөж байна. Ирэх онд эдгээр төслөөс гадна Химийн төв лаборатори, Засвар механикийн заводын өргөтгөл, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажилд хөрөнгө оруулалт хийх талаар мэдээллээ.
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан