2026 оны 10 сарын 15, пүрэв

Х.Нямбаатар: Цэнгээнт аялал жуулчлалыг дэмжинэ

Х.Нямбаатар: Цэнгээнт аялал жуулчлалыг дэмжинэ

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийлээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлахтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа аялал жуулчлалын салбарыг ДНБ-ийн 30 хүртэл хувийг үйлдвэрлэдэг болгох, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсад ирэх аялал хамгийн хямд байх, ирсэн хойноо жуулчдад үзүүлдэг соёлын болон бусад нэр төрлийн үйлдвэрлэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт түлхүү анхаарч байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол хоёр хүндрэл байна. Тиймээс нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тийзний үнийг буулгах, визний хөнгөлөлт үзүүлэх. Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхэд агаарын тээврийн салбарт ажиллаж байгаа авиа компаниудад хөнгөлөлт үзүүлэх. Визний хөнгөлөлтийг эргэн харж, визгүй зорчуулдаг улс болно. Хамгийн олон улс орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Аялал жуулчлалын байгууллагыг түр оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудтай болгож, тус байгууллагууд нь Монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд /50-иас доошгүй хувь нь/ байх шаардлагыг тавьж байгаа юм. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой.

Аялал жуулчлалын хуультай хамт цэнгээнт аялал жуулчлалыг дэмжсэн хуулийн төсөл өргөн барина. Морин бооцоот уралдааны тухай хууль, Казиногийн тухай хуулийн төслүүдийг өргөн барина" гэлээ.

-Богд ууланд аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууц барьдаг асуудал байна. Энэ асуудлыг яах вэ?. Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүлсэн үү, санал авсан уу? 

-Цаашид Богд ууланд газар олгохгүй гээд хуульчилъя гэсэн бодолтой байдаг хүмүүсийн нэг. Байгаль орчны үе үеийн сайд нарын алдаа завхрал Богд уулын хэдэн амыг отго байдлаар хаусны хороолол болгоод дууссан. Сургууль, эмнэлэг, дэд бүтэц зэрэг асуудал нь Улаанбаатар хотын захиргааны асуудал болоод үлдчихсэн. Цаашид Богд ууланд дахиж газар олголт хийхгүй, Богд уулыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдлаар ашиглах хэрэгтэй гээд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд саналаа өгсөн.

Казиногийн тухай хуулийн төслөөр энэ жил маш олон хэлэлцүүлэг хийсэн. Аялал жуулчлалын тухай хуулиа дагуулан багц байдлаар хамтад нь УИХ-д өргөн барина. Казиногийн тухай хуульд Монгол хүн орохгүй байна, маш цөөн тоогоор лиценз олгоно. Лиценз олгохдоо зөвхөн Монгол газар дээр бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх, гадаадаас оруулж ирэх хөрөнгө оруулалтынх нь дүнгээр  лиценз олгоно гэсэн агуулгатай.  Хуулийн төсөл боловсруулагдаад яамны вэб сайт дээр байршаад таван сар болж байна. Удахгүй Аялал жуулчлалын тухай хуультай цуг Морин бооцоот уралдааны тухай хууль, Казиногийн тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслийг багц байдлаар энэ ондоо хэлэлцэх эсэхээ шийдэж явахаар төлөвлөгдсөн.