Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга дараах мэдээллийг өглөө:
-Төрийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах буюу Тендерийн тухай хуулийг УИХ-д өргөн барихдаа бэлэн боллоо.
Хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хуулийн төсөлд хэд хэдэн шинэ заалтууд багтсан.
Хүний үйл ажиллагаа, оролцоог бууруулна. 2019 оноос хойш бид цахим шилжилт хийж байна. Тендерт оролцож буй компаниудын бүрдүүлдэг нийт материалын 70 хувь нь төрд бий. Эдгээр баримтыг тухайн компаниас дахин нэхэхгүй, харин компани үнэн зөв мэдээлэл өгсөн хэмээн баталгаа гаргана.
Нээлттэй, ил тод худалдан авах ажиллагааг бий болгоно. Тендерийн бүх үе шатыг оролцогч компаниуд, олон нийт тодорхой цаг хугацаанд харах боломжтой. Гэхдээ олон нийтэд тендерийн үнэлгээ хийх явц харагдахгүй. Тендерийн хариуцлагатай холбоотой маргаан их гардаг. Хэрэв тендер авсан ч ажлаа дутуу гүйцэтгэсэн гэх мэт зөрчил гаргавал тухайн компанийн удирдлагуудын хамт жагсаалтад бүртгэнэ.
Орон нутгийн ААН-үүдэд давуу эрх олгоно.
Мөн цахим дэлгүүрт төрийн байгууллагуудын тогтмол худалдан авдаг бараануудыг байрлуулан, тэндээс сонголтоо хийдэг болно. Чанар, стандарт хангасан барааг л энэ дэлгүүрт оруулна. Төрийн байгууллагууд захиалга өгөх замаар бараагаа авна.
Хуудсаа дугаарлаагүй, гарын үсэг дутуу гэх мэт шалтгаар тендерт ирүүлсэн баримтыг буцаахгүй. Компаниуд Tender.gov.mn цахим хуудсанд нэг удаа бүртгүүлэн, санд мэдээллээ нэг удаа л оруулна. Дахин оруулах шаардлагагүй болно.
Тендерт хамгийн бага үнэ санал болгосныг биш бодит үнэ санал болгосон ААН-ийг шалгаруулна. Төсөвт өртгийн 80 хувиас бага үнэ өгсөн ААН-ийг хасна. Анхны өртөг бага атлаа цахилгаан их хэрэглэдэг гэх мэт ашиглалтын зардал өндөртэй санал өгвөл мөн хасна.
Тендертэй холбоотой маргааныг 30 хоногийн дотор шийдэх ёстой ч материалын бүрдэл, талуудын нэхэмжлэл зэргээс хамааран энэ хугацаанд багтдаггүй гэв.
Нийт тендерийн 97 хувьд гомдол гардаггүй, 3 хувьд нь гомдол гаргажээ.
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан