2026 оны 10 сарын 15, пүрэв

ОХУ-ын иргэд Монголд ажил хийх хүсэлтэй байна

ОХУ-ын иргэд Монголд ажил хийх хүсэлтэй байна

МҮХАҮТ-аас манай улсад ирсэн ОХУ-ын жуулчдад тулгарч буй бэрхшээл болон дэмжлэгийг тодруулах зорилгоор судалгаа хийжээ.    

Монгол улсад ирсэн жуулчдын нөхцөл байдал, манай улсад оруулж буй эдийн засгийн хувь нэмрийг тодорхойлон тооцох, цаашид манай улсад жуулчлахад шаардагдах дэмжлэгийг тодруулах зорилгоор цуврал судалгаа эхлүүлжээ. Эхний судалгааг энэ оны аравдугаар сарын 10-25 өдрүүдэд цахим болон ярилцлагын хэлбэрээр авч, ОХУ-ын нийт 426 жуулчдыг хамруулжээ.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН:
Судалгаанд оролцогчдын

  • 28.8 хувь нь аялал жуулчлалаар,
  • 21.2 хувь нь Орос-Украины мөргөлдөөнд оролцохоос татгалзан дүрвэж ирсэн,
  • 18.3 хувь нь ажил хийх,
  • 12 хувь нь суралцах зорилгоор ирсэн байна.

Эдгээр иргэдийн

  • 34.8 хувь нь Англи хэлээр ярьдаг, ойлгодог,
  • 42.1 хувь нь Монгол хэлийг ямар нэг хэмжээнд ярьж ойлгодог бол
  • 24 хувь нь Монгол хэл мэдэхгүй байна.

Бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоор ирсэн иргэдийн 75 хувь нь худалдааны салбарт, 12.5 хувь нь мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт ажиллах сонирхолтой.

  • 43.8 хувь нь 10 мянган ам.доллар хүртэлх дүнгээр,
  • 31.3 хувь нь 11-100 мянган ам.долларын дүнгээр,
  • 25 хувь нь 100 мянган ам.доллароос дээш дүнгээр хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байна.

Судалгаанд оролцсон иргэдийн 97.9 хувь нь Улаанбаатар хотод байрлаж байгаа ба 40.2 хувь нь түрээсийн байранд, 39.8 хувь нь зочид буудалд, 15.5 хувь нь найз нөхөд, гэр бүлийнхээ гэрт амьдарч байна гэжээ.

ОХУ-ын иргэд Монгол улсад байх хугацаанд нэг өдөрт дунджаар 161.6 мянган төгрөгийн, медиан утгаар 106 мянган төгрөгийн зардал гаргаж байна. Зардлын нэр төрлөөр ангилан авч үзвэл нэг өдөрт хамгийн их дундаж зардлыг байрлаж буй байрны түрээс болон зочид буудлын төлбөрт дунджаар 55.8 мянган төгрөг, хоолны зардалд дунджаар 39 мянган төгрөг, тээвэрт 12 орчим мянган төгрөгийг зарцуулж байна.

Цаашид Монгол улсад хэр удаан хугацаанд байх төлөвлөгөөтэй байгааг тодруулахад

  • 28.3 хувь нь нэг сараас дээш хугацаанд,
  • 28.3 хувь нь Монгол улсад байнга оршин суух төлөвлөгөөтэй байгаа бол
  • 34 хувь нь тодорхой хэлж мэдэхгүй гэжээ.

Иргэдийн 82.6 хувь нь визээ сунгуулах хүсэлтэй байна. Ажиллах нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд судалгаанд оролцсон иргэдийн 90 орчим хувь нь ажиллах сонирхолтой байгаа ба мэдээллийн технологи (программ хангамжийн чиглэлээр), худалдаа үйлчилгээ, барилга, боловсролын салбарт илүү олон хүн ажиллах боломжтой бөгөөд судалгаанд оролцогчдын 17 хувь нь инженер, 9.3 хувь нь мэдээллийн технологи, программ хангамжийн инженер, 8.3 хувь нь багш, 5 орчим хувь нь эдийн засагч хуульч, 4 хувь нь эмч мэргэжилтэй байна.

Гадаадын иргэн ажиллуулахад компаниуд өндөр татвар төлдөг учир ажил олж хийх орлого олох, орон сууц түрээсийн төлбөр өндөр ба найдвартай түрээслэх байр олох, оршин суух зөвшөөрөл авах, виз сунгах зэрэг нь Монгол улсад байрлах хугацаанд тулгарч буй хамгийн гол хүндрэлүүд байна гэжээ. Түүнчлэн Монгол улсад банкны данс нээлгэн карт авах, гүйлгээ хийхэд бэрхшээлтэй байна гэсэн байна.

Эх сурвалж: МҮХАҮТ