Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ) нь 1983 онд үүсгэн байгуулагдсан, ардчилал, эрх чөлөө, олон нийтэд тулгуурласан хөгжил болон эрх зүйт ёсыг дэлхий дахинаа хөгжүүлэхийн төлөө ажилладаг нам бус, ашгийн бус олон улсын байгууллага юм.
БНОУХ Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Иргэдийг шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо ажил хэрэгч байдлаар хүргэх, улс төрийн үйл явц дахь оролцоогоо нэмэгдүүлэх, хараат бус чанартай мэдээ мэдээллийг авахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд дотоодын мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийг дэмжин ажилладаг байна.
БНОУХ-гийн хөтөлбөрүүд нь нам бус, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий хувь хүний эрх чөлөө, тэгш боломжийг хөгжүүлэх зарчмыг баримталдаг.
Тус хүрээлэнгээс олон нийтийн санал бодлын судалгааг тогтмол хийсээр иржээ. Энэ онд нийт хүн амыг төлөөлөхүйц олон нийтийн санал бодлын судалгааг Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)- тэй хамтран хийжээ. Судалгаагаар манай улсад тулгамдаж буй асуудал, улс төрийн нам, засгийн газар болон институцууд, авлига, үнэт зүйл, үзэл баримтлал ба эрх чөлөө, тэгш хамралт ба иргэдийн оролцоо, мэдээллийн эх сурвалж зэрэг таван дэд бүлэгт асуултуудаар иргэдийн санал бодлыг асуулаа.
Судалгааны зарим үр дүн:
Өнөөдөр улс оронд тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудын талаар асуухад дийлэнх монголчууд эдийн засагтай холбоотой асуудлуудыг нэрлэжээ. Тухайлбал, хамгийн олон дурдагдсан гурван хариултад үнийн өсөлт, амьжиргааны өртөг гэж иргэдийн 58 хувь, ажилгүйдэл гэж 26 хувь, эдийн засгийн бусад ерөнхий асуудлууд гэж 14 хувь нь хариулжээ.
Харин 2021 оны 03-04-р сард явуулсан санал асуулгад иргэдийн 34 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ, КОВИД-19 цар тахлыг Монголд тулгамдаж буй хамгийн чухал асуудлууд хэмээн нэрлэж байв.
Түүнчлэн, монголчуудын 74 хувь нь авлигыг маш ноцтой асуудал гэж үзсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх институцүүдэд итгэх итгэл нэн доогуур байгаа нь судалгааны үр дүнгээр харагдав. Иргэдийн 64 хувь нь Авлигатай тэмцэх газар, 66 хувь нь шүүх байгууллага, 62 хувь нь Улсын их хурлын талаар сөрөг хандлагатай байдгаа илэрхийлжээ.
Судалгааны товч мэдээлэл: Энэ оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 26-ны өдрүүдэд компьютерын тусламжтайгаар утсаар хийх ярилцлагын аргаар судалгааны мэдээллийг цуглуулав. Санал асуулгад Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны гар утас хэрэглэдэг нийт 2,500 иргэнийг түүврийн аргаар сонгон хамруулав.
Хүн амын тооцоололд үндэслэн үндэсний хэмжээнд төлөөлөхүйц төлөөллийг сонгохдоо олон шатлалт, санамсаргүй түүврийн аргыг ашиглав. Судалгааны мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын хүн амын тоо, статистикт нийцүүлэн хүйс болон насны бүлгээр хуваан ангилжээ.
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан