2026 оны 10 сарын 15, пүрэв

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг "Зургаа" дахь удаа хойшлуулахыг эсэргүүцэв

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг

Ипотекийн зээл дахин төлөлтийг дахин хойшлуулах нь зөв эсэх талаар маргаан өрнөж байна. Шадар сайдын хэлсэн үгэнд нэг зөрчил бий. Тэрээр зээлийн хүртээмжийг нэмнэ гэсэн ч зээлийн төлбөрийг хойшлуулах, хүү бууруулах талаар ч мөн ярьжээ. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хэрээр зээл авах дараагийн иргэдийн тоо уртасдаг. Мөн зээлийн хүүг бууруулбал зээлдэгчийн нэг сард төлөх дүн буурах сайн талтай ч эргэн төлөлтөд цугларах мөнгө буурах тул шинэ зээлдэгчийн тоо мөн буурна гэсэн үг. Тэгэхээр хүртээмж нэмэгдэхгүй. Ипотекийн зээлийн хүртээмж нь зээлийн хүүтэй урвуу хамааралтай юм. 

Цар тахлын улмаас энэ зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр хойшлуулсан. 2020 оноос хойш нийт таван удаа зээл төлөлтийг хойшлуулж, эрх баригчид өгөөмөр загнав. Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш нийт 3,4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй 63,2 мянган өрх зээлтэй байна. Тэд 2020-2022 оныг дуустал нийт 978тэрбум төгрөгийг банкуудад төлөх байсан ч төлөөгүй. 

-419 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр 

-559 тэрбум төгрөгийн хүүний төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан юм. 

Ийм хэмжээний мөнгө банкуудад төвлөрч, банкууд олгосон ипотекийн зээлүүдээ багцлан МИК-т худалдаж, тэрхүү орлогоороо дараагийн зээлийг санхүүжүүлэх байв. Ипотекийн зээлийн санхүүжилтийг маш энгийнээр тайлбарлавал ийм бүтэцтэй. Гэвч 2017 оноос хойш жигдэрсэн энэ тогтолцоо 2020 оноос хойш доголдов.