2026 оны 10 сарын 15, пүрэв

Уртын голын 260 айлын орон сууцанд ӨРГӨДӨЛ хүлээн авах болоогүй

Уртын голын 260 айлын орон сууцанд ӨРГӨДӨЛ хүлээн авах болоогүй

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 260 айлын орон сууцанд орох хүсэлтэй иргэдээс өргөдөл хүлээн авах болоогүй гэдгийг  холбогдох албаныхан хэлж байна. Таван блок бүхий орон сууцны эхний гурван блокыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна гэдгийг аймгийн удирдлагууд мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хэрхэн, ямар журмаар хамрагдах талаар иргэд асуусаар байгаа юм.

 Нэг блок барилгад 52 айл байхаар тооцсон. Гурван блокыг хүлээн авснаар Орхон аймгийн 156 өрх орон сууцтай болох боломж бүрдэнэ.

Тус 260 айлын орон сууцыг иргэдэд олгохдоо түрээслэх, түрээслээд өмчлөх, бэлэн мөнгөөр борлуулах гэсэн хувилбараар зохион байгуулалтыг хийх тухай мэдээллийг хүргэсэн. 

Эхлээд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн хуралдаанаар орон сууцны  нэг метр квадратын  үнийг тогтооно. Ингэснээр иргэдэд хэрхэн худалдан борлуулах нь тодорхой болж, журам батлагдсанаар олон нийтэд мэдээлэх юм.

Эхний гурван блокын төсвийн санхүүжилт шийдэгдсэн учир энэ жилдээ багтаж хүлээн авна.  Харин ирэх жилийн орон нутгийн төсөвт үлдсэн хэсгийн санхүүжилтыг шийдвэрлэснээр барилгыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. 

Гэр хорооллыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын эхлэл нь  Уртын голын барилга болж байна. Барилгын ажлын нийт гүйцэтгэл 60 хувьтай байгаа бол гурван блок нь 80 хувьтай, гадна пасад болон шалны ажлыг хийж байна. Тав дахь блокын суурийн ажил эхэлчихсэн, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа гэлээ.

Орлогод нийцсэн орон сууц төслийн хүрээнд Орхон аймагт эхний ээлжинд долоон байршилд орон сууц барина. Тодруулбал, 

-Уртын гол багт 260 айлын таван блок  

- Их залуу багт “Багш” хороолол 360 айлын таван блок 

-Баянцагаан багт “Эрчим” хороолол  

- Баянцагаан багт Сархиа уулын энгэрт Эко 400 айлын амины орон сууц 

-7-р хороололд 720 айлын 10 блок 

-Дөмөг захын урд Залуус хороолол 900 айлын орон сууц  

-Эрдэнэ багт хэсэгчилсэн инженерийн хангамжтай Дэд төв төсөл  

Эхний таван байршил бүтээн байгуулалтаар нийт 2640 айлын амины болон нийтийн орон сууц баригдахаар төлөвлөжээ.  "Эрчим" хороололд эрчим хүчний байгууллагын ажилчдыг хамруулах бол "Багш" хотхоныг багш нарт зориулан орон сууцаар хангахаар барих юм. 

эх сурвалж: www.erdenetinfo.mn