2026 оны 10 сарын 15, пүрэв

ЭНЭРЛИЙН ХҮҮХДҮҮД “ААВДАА БИД ХАЙРТАЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛЛАА

ЭНЭРЛИЙН ХҮҮХДҮҮД “ААВДАА БИД ХАЙРТАЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛЛАА

  Эрдэнэт  үйлдвэрийн дэргэдэх хүүхдийн “Энэрэл” төвийн 30 жилийн ойд зориулсан “Аавдаа бид хайртай” дурсамж, хүндэтгэлийн тоглолт Соёл урлагийн цогцолборын тайзнаа тоглогдлоо. Энэхүү тоглолтыг Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Энэрэл” төв, Орхон аймгийн Хүүхэлдэйн театрын үүсгэн байгуулагч, нэрт сурган хүмүүжүүлэгч, тус төвийн захирал асан Ц.Хүрэлбаатар агсны гэгээн дурсгалд зориулан, уламжлал болгож 19 дэх жилдээ тоглож байна. Тэртээ 1992 онд хагас болон бүтэн өнчин хүүхдийг өсгөж хүмүүжүүлж, ажил амьдралын гараанд хөтлөх зорилготой  Эрдэнэт үйлдвэрийн дэргэд хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв байгуулахаар Ц.Хүрэлбаатар агсан санаачилж, нээж байсан бол эдүгээ тус төв нь  олон зуун хүүхдийг сургаж бойжуулсан 30 жилийн түүхтэй том байгууллага болж, бэхэжжээ. Тус төвийнхөн 30 жилийн ойн үйл ажиллагаагаа үүсгэн байгуулагч Ц.Хүрэлбаатар багшийнхаа гэгээн дурсгалд зориулж, түүний төрсөн өдрөөр “Аавдаа бид хайртай” хүндэтгэлийн тоглолт, өдөрлөгөөр эхлүүлж байна. 

Энэрэл төвийнхөн 30 жилийн ойдоо зориулан олон хэлбэрийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх 8 сард төвийнхөө үе үеийн бүх ажилтан, хүүхдүүдийн хамтарсан дурсамж өдөрлөг хийж, ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлнэ гэж нийгмийн ажилтан Д.Оюунчимэг ярилаа.