Орхон аймгийн сонгуулийн хорооны буруутай шийдвэрээс болж 2016 оны орон нутгийн сонгуулиар МАН бараг өрсөлдөгчгүйгээр орон нутгийн засгийн эрхийг авсан гэж хэлж болно. Манай аймаг ИТХ-даа нийт 22 тойргийн 33 суудалтай. Одоогоор АН 3, МАН 30 суудалтай. Тэгвэл Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаар тогтоолоор Орхон аймгийн 2 сумын 20 тойргийн 31 суудал дээр дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл шийдвэрийг дахин хянах тухай Орхон аймгийн ИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 27 өдрийн 494 тоот албан бичиг, Орхон аймгийн ИТХ-ын нэр бүхий 22 төлөөлөгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ч.Оюунгэрэл дээд шүүхэд өргөдөл гаргасан аж. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч холбогдох материалуудтай танилцаж, хянан шалгаад 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 6/3794 тоот хариуг ирүүлсэн байна. Уг хариуд Орхон аймгийн Сонгуулийн хороо эрх нь зөрчигдсөн иргэдийн “сонгогдох эрх”-ийг сэргээн эдлүүлэх зорилгоор дахин сонгууль явуулах үүрэгтэй гэж тодотгосон. Өөрөөр хэлбэл сонгуулийн хорооны буруутай шийдвэрээс болж Монгол улсын үндсэн хуулинд заасны дагуу Орхон аймгийн иргэд сонгох эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадаагүй гэж үзэж 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаар тогтоолоор батлагдсан Дахин сонгууль явуулах шийдвэрийг хэвээр үлдээхийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэжээ.
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан