2026 оны 10 сарын 15, пүрэв

Ц.БАТХУЯГ: БИ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ЭРДЭНЭТ ХОТООРОО БАХАРХДАГ

 Ц.БАТХУЯГ: БИ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ЭРДЭНЭТ ХОТООРОО БАХАРХДАГ

-Ярилцлагаа таны Эрдэнэттэй холбогдсон түүхээр эхэлье гэж бодлоо. Урт замналын туршид олон дурсамж үлдсэн байх?

-Миний аав Цогтсайхан, 1990 оны ардчилсан хувьсгалаас өмнө улсдаа хоёрт ордог Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйн ерөнхий эдийн засагч, Хянан шалгах хорооны дарга, орлогч дарга, Зүүнхангай сумын намын хорооны даргын албыг хашиж байсан. Харин 1987 оны сүүлээр Эрдэнэт хотын Улаантолгойн САА-н орлогч даргаар томилогдон ажиллах болсон юм. Тухайн ондоо аав минь түрүүлж ирээд, дараа жил нь бид ирсэн. Энэ үеэс л манайх Эрдэнэтийн айл болж, бидний хувь заяа, амьдрал энэ хоттой холбогдсон доо.

Тэр жил би Улаанбаатар хотын Тээврийн техник мэргэжлийн дунд сургуулийн Дархан ба цахилгаан гагнуурын ангид элсэж, Халуун төмрийн дархан, цахилгаан гагнуурын мэргэжил эзэмшин, 1991 онд төгссөн. Тэр үед Улаантолгой, Улаанбаатар хоёрын хооронд ёстой жим гартал “гүйдэг” байв. Сургуулиа төгссөн намар нь Улаантолгой САА-н “Хангал” аж ахуйд ургац хураалтад ачигчаар ажиллаж, хар бор ажил хийж эхэлсэн. Удалгүй тэр жилийнхээ өвөл нь Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсэгт хоёрдугаар зэрэгтэй тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орж байлаа.

Томдсон усны гуталтай, 19 настай хүү засварчнаар орж байлаа

-Тэр үед 19 настай хүүхдээрээ шахуу надад уул уурхайн үйлдвэрийн хүндхэн нөхцөл угтсан. Механик Алтангэрэл ах надад том усны гутал өмсүүлж, насосын хэсэг рүү дагуулан ороход, шавар шалбааг ихтэй, булинга хальчихсан, дуу чимээтэй бүүдгэр гэрэлтэй орчин тоссон. Алтангэрэл механик “за энд ажиллах нь байна шүү, хүмүүс ихэнх нь шантраад гардаг, чи ажиллаж чадна биз” гэж хэлж билээ. Нөгөө томдсон усны гутал маань шалбаагт шигдээд, гутлаа сугалчихгүйхэн шиг түрүүнээс нь татаж байгаад цаашаа алхаж байснаа огт мартдаггүй. Тэгж уурхайчны ажил амьдралд хөл тавьж байв. Анхны багш маань Пүрэвдаваа гэж буржгар үстэй хүн байлаа. Хамт ажиллаж байсан Хүрэлцоож, Мөнхзул, Пүрэвсүрэн, Даваажав, Сандаграгчаа, Бямбацогт, Түвшинжаргал, Төмөрхуяг, Даваадорж болон Орос мэргэжилтнүүдээсээ багагүй зүйл сурсан. Засварчны бүхий л шат дамжлагад ах нарынхаа сургаж зааснаар ажиллаж, тээрмийн доор байрладаг насосны засварыг ч хариуцаж хийдэг болсон. Ажилдаа гайгүй дадлагажсаар, гуравдугаар зэрэгтэй боллоо. Энэ хугацаанд гурван жил гаруй өнгөрсөн. Тэр үед хэр барагтай зэрэг ахиулдаггүй, өндөр болзолтой байсан учраас чамгүй хичээл зүтгэл, хугацаа шаардана. Ер нь би хоёрдугаар зэрэгтэй ажилтнаас зургаадугаар зэрэгтэй болох хүртлээ нийт 13 жилийг зарцуулсан.

Залуу хүний хувьд сурч боловсрох, мэргэжлээ ахиулах шаардлага өөртөө тавьж, ажлынхаа хажуугаар ШУТИС-ийн харьяа Технологийн сургуульд суралцах болов. Тэр үед Технологийн сургуульд бакалавр зэрэгтэй уул уурхайн дээд мэргэжлийн инженерүүд бэлтгэх болж, анхны элсэлтээ авч байв. Шалгалт өгч тэнцээд, 1996-2001 онд суралцан, баяжуулагч инженерээр бакалавр зэрэгтэй төгслөө. Манай ангийнхан ихэнх нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг залуучууд. Ажлаа хийгээд сургуульдаа сураад, сургалтын төлбөрөө төлнө гэдэг тэр үед их хүнд асуудал. Тиймээс ажиллагсдаа суралцаж хөгжихөд нь тус дэм болохыг тухайн үеийн удирдлагуудаас хүсэж, зарим үед шаарддаг ч байв. Энэ хүндрэл бэрхшээлээс болоод цөөнгүй оюутнууд сургуулиа орхисон. Бид анх гучин хэдүүлээ байсан ч ердөө 13 нь л төгссөн. Ээлжийн ажилтай, оройгоор сурахын хажуугаар амьдрал ахуй, гэр бүлээ авч явах гээд залуучууд бидэнд “чанга” санагддаг байсан ч энэ бүхнийг давж, зорьсон зорилгоо биелүүлсэндээ сэтгэл өндөр явдаг. Баяжуулалтын инженер мэргэжлийн эрдмийг Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Монголын уул уурхайн салбарын урдаа барьдаг чадалтай, мэдлэгтэй Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор Ж.Баатархүү зэрэг багш нараараа заалгаж, шавь нь болсноороо бахархдаг. Манай ангийн багш П.Оюунсүрэн баяжуулалтын чиглэлээр бас л шилдэг инженерүүдийн нэг. Эрдэнэт үйлдвэрийн техник технологи, үйлдвэрлэлийг маш сайн мэддэг, багш нараа дурсахад таатай байна.

Эрдэнэт үйлдвэр намайг ажилд сургаж, хувь хүний хүмүүжил, төлөвшлийг өгсөн

-Баяжуулалтын инженерийн мэргэжил эзэмшсэн, зургаадугаар зэрэгтэй засварчин удалгүй механик болж, Оросын мэргэжилтэн Валерий Алексейвич Зубаревтай хамтарч флотацийн хэсгийн механикаар 2 жил орчим ажилласан. 2003 онд үйлдвэрийн зардлаар 18 залууг ОХУ-ын Уралын уул уурхайн академид сургахаар болж, тэдний бүрэлдэхүүнд багтсан нь надад уурхайн чиглэлээр сурах хувь завшаан болсон. Одоогийн үйлдвэрлэл хариуцсан захирал Т.Батмөнх болон Ч.Өлзийбаяр, Б.Болор-Эрдэнэ, Баянбат, Гантулга, Батболд нарын инженерүүд бид хамтдаа Оросын Екатеринбург хотод суралцаж, тус улсын том үйлдвэрүүдэд дадлага хийж байв. Энэ бүхэн надад өөрийгөө дайчлах, хөгжүүлэх сэдэл, санаачилга төрүүлж, өөрийн гэсэн бодолтой хувь хүн болж төлөвших бүх л замыг зурж өгсөн гэж боддог. Тиймээс ч дараагийн шийдвэрээ гаргаж, 2004 онд Улаанбаатар хотод Удирдлагын академийн Удирдахуйн ухааны чиглэлээр магистрантурт суралцахаар шалгалт өгөөд тэнцэж байлаа. Удирдлагадаа “Ажлаас чөлөөлж, сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ үү” гэж хүсэхэд, хүлээж аваагүй. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгөөд, нийслэл хотод Удирдлагын академид сурахаар сэтгэл шулуудсан. Удирдлагын академид суралцаж байхад бизнес эхлүүлэх санаа анх төрсөн. Академийн ангийнхны ихэнх нь хувийн бизнестэй, амьдрал ахуй нь ч төвхнөчихсөн. Тэд намайг бодвол дөртэй байсан учраас бизнесээ эхлүүлэхэд минь нэлээн тусалсан. Тэднийхээ зөвлөгөө, заавраар охин, хүү хоёрынхоо нэрний хэсгээс бүрдсэн “Сур-Эрдэм” компаниа амжилттай байгуулж байлаа. Шинийг эрэлхийлсэн, туршсан гээд олон зүйлийн учир ухааныг олж мэдсэн энэ он жилүүдэд бизнесээ хөл дээр нь босгож чадсан.

2010 онд Эрдэнэт үйлдвэрийн Спорт ордны орлогч даргаар ажиллаж байгаад 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн даргаар томилогдсон. Хүүхдээрээ шахуу байхдаа ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн цехийнхээ даргаар 6 сар ажиллаад, орлогч болж, тушаал буурч байв. Харин Баяжуулах фабрикийн орлогч даргаар 2017 оны 6 сарын сүүл хүртэл ажиллаад, улс төрийн шалтгаанаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёрхон хоног дутуу байсан.

Бартаа саадтай, бахархах баярлах зүйлстэй төдийгөөс өдийг хүртэлх замд Эрдэнэт үйлдвэрт хөдөлмөрлөсөн он жилүүд намайг төлөвшүүлжээ. Ажлын гараагаа эхлүүлж буй 19-хөн настай хүүг амьдралын эрээн бараантай их далайд тосч аван хүмүүжүүлсэн хүмүүс бол ажлынхан. Олон талын үзэл бодолтой хүмүүс дунд төлөвшиж, амьдралыг үзэх үзэл, өдий дайны явах суурийг би тэндээс л олсон. Өөрөөр хэлбэл, Баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн хамт олон буруу зөвийг ялгаж салгах ухааныг надад заасан юм. Тэдэндээ талархаж явдгаа хэлье.

АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ЗАЛУУС ОЙЛГОЖ, ХАМГААЛЖ ЯВАХ УЧИРТАЙ

-Улс төрийн халуун гал тогоонд орсон шалтгаан, нөхцөл юу байв?

-Өмнө нь яриандаа өгүүлсэнчлэн Металлистийн техник мэргэжлийн сургуульд суралцаж байх үед Ардчилсан хувьсгал эхэлсэн юм. Тухайн үед жижиг дэвтэр шиг хэвлэгддэг байсан, нэг төгрөгийн үнэтэй “МонЦаМэ агентлагийн мэдээ”-г олж уншдаг байв. Мөн Үндэсний телевизийн сэтгүүлч З.Алтайн бэлтгэн, хөтөлдөг “Цаг үе ба залуучууд” нэвтрүүлгийг их үзнэ. Бас Д.Сүхбаатар жанжны талбайд болж буй жагсаал цуглааныг очиж сонирхон, дэмжиж гарын үсэг хүртэл зурж байсан. Энэ бүхнээс л нийгмийн өөрчлөлт, хүмүүсийн санаа бодлыг сонсож, харж тунгаана. Түүнээс гадна, миний аав хэдийгээр МАХН-ын гишүүн байсан ч ардчиллын талаар “зөв зүйтэй юм ярьж байна, хуучин нийгмийн зарим нь болж бүтэхгүй, буруу зүйлүүд байна” гэхчлэн хааяахан хэлдэг байсан. Аав минь зарчимч, шударга хүн.

1990 онд Ардчилал өрнөж, Монголчууд нийгмийн шилжилтийн үеийн өөрчлөлтийг бүгд туулж байв. Дэлгүүрийн лангуу хоосорч, хоол унд хомстож, стресс бухимдал ихтэй тухайн үеийг миний үеийнхэн сайн мэднэ. Бид бүх зүйл ховордсон тухайн цаг үеийг бие махбод, сэтгэл санаагаараа гүн гүнзгий мэдэрсэн. Аав ээж минь сэхээтэн хүмүүс байсан учраас багадаа ядуу зүдүү амьдрал үзээгүй. Тухайн үед аав 850, ээж 750 төгрөгийн цалинтай, боломжийн амьдралтай байсан. Харин ажил мэргэжлийн гараагаа дөнгөж эхлүүлсэн 1990-ээд оны үед жинхэнэ амьдралын хатуу хөтүүтэй тулгарсан.

1994 он байх аа, Эрдэнэт үйлдвэрт ажил хаялт болсон юм. Үйлдвэрийн Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажил хаялт зохион байгуулж, цех, хэсгийн ах нар ажил хаяж, фабрикийн үйл ажиллагааг зогсоож байв. Гол шаардлага нь “Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын цалинг 12 дахин нэмэгдүүлж, хүнд нөхцөлд ажиллаж буй уурхайчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэ” гэсэн. Бид ажил хаялтыг дэмжиж, гарын үсгээ зурсан. Тухайн үед үйлдвэрийн удирдлагууд ажил хаялтыг зогсоохын тулд Эрдэнэт хотын шүүхийг фабрик дээр аваачиж, шүүх хурал хийлгээд ажил хаясан ажилтнуудад арга хэмжээ авах, ажлаас нь халах тогтоол шийдвэр уншиж байсан. Гэхдээ ажил хаялт үр дүнгээ өгсөн юм. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын өнөөдрийн цалингийн хэмжээ тэр ажил хаялтын үеэс нэмэгдсэн. Цалин бараг дөрөв дахин нэмэгдэж байсан. Энэ бүх хүчин зүйлс ардчиллыг дэмжих, 2000 онд Ардчилсан намд элсэх шалтгаан болсон. Үзэл баримтлал маань улс төрийн замд эргэлт буцалтгүй хөтөлсөн гэж болно.

Улс төрийн замналаа шатны доод гишүүрээс эхлэлсэн ч өнөөдрийг хүртэл шат ахиулахын төлөө явж ирлээ. Ардчилал бол зөвхөн нэг удаагийн хувьсгалаар бий болсон зүйл биш. Үргэлж сайжруулж, үнэт зүйлсийг нь хамгаалж, хүн бүхэнд ойлгуулж байх ёстой гэж ойлгосон учраас энэ үйл хэрэгт зүтгэж явна. Ардчиллын үр өгөөжөөр бий болсон олон үнэт зүйлийн хамгийн том нь Монголчуудын тусгаар тогтнолын баталгаа юм. Энэ бол бидний хамгийн том ололт. Өмнөх түүхийг бид мэднэ. Хойд хөрш ОХУ-аас хамааралтай шийдвэрүүд үйлчилдэг байсныг түүний хор уршгаар гэм зэмгүй хүмүүс хэлмэгдсэн гашуун түүхийг хэрхэвч мартаж болохгүй. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол орны иргэд гэдгээ ардчиллаар олж авч, баталгаажуулсан маань хамгийн чухал үнэ цэнэ юм.

-Улаанбаатар хотод суралцсан, улс төрийн амьдралд орсон, хувийн бизнесээ эхэлсэн гээд олон шийдвэр, өөрчлөлтийн дунд явсан ч Эрдэнэтдээ эргээд ирсэн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хотдоо үлджээ. Эндээс явахгүй байх, элгэмсэж үлдэхийн гол шалтгаан юу байв?

-Миний гэр бүл эндээс эхэлсэн. Эхнэр маань Эрдэнэтийн унаган хүүхэд. Манай хадам аав Эрдэнэтийн овооны уугуул нутаг Халиун сумын хүн. Миний аав ээж маань ч Эрдэнэтэд нутагшсан гээд энд уяатай байх олон шалтгаан надад бий. Би өөрөө хүүхэд байхдаа ирсэн учраас энэ газар усанд илүү дасаж, ээнэгшсэн. Анхны ажлын гараа Эрдэнэт үйлдвэрээс эхэлсэн зэрэг олон зүйл байдаг аа. Байгаль цаг агаар сайхантай, газар газрын олон залуус ирж суурьшсан, хүн бүхэнд өгөөжтэй сэтгэлд дулаахан нутаг гэж сүслэн хайрлаж явдаг юм. Тиймээс холдоогүй, сэтгэл татагдах учир холбоо байдаг. Ер нь удаан ирэхгүй байж чаддаггүй. Улаанбаатарт Удирдлагын академид суралцаж байхдаа амралтын өдрүүдээр байнга ирнэ. Хичээлээ тараад л Эрдэнэтийн таксинд суучихна. Эргээд бодоход эндээс шилжье, явъя гэж яагаад ч юм огт бодож байгаагүй юм билээ. Тэгэхээр үр хүүхдүүд минь бүгд энд мэндэлж, амьдрал ахуй минь Эрдэнэттэй бат бөх холбогджээ гэж боддог.

Эрдэнэт үйлдвэрийнхээ үр шимийг Эрдэнэтчүүд өөрсдөө хүртэх учиртай

-Та Эрдэнэтэд 33 жил амьдарч байна гэсэн. Олон зүйлийг өөрийн баялаг амьдралаар бүтээж яваа байх. Ер нь өөрийнхөө хувь нэмрийг чадах чинээгээрээ оруулж яваадаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Зорилго хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хэр ойрхон яваа бол?

-Ажил хөдөлмөрөө зориулж явсны хувьд миний хамгийн их бодож явдаг зүйл бол Эрдэнэт үйлдвэрийн менежментийг өөрчлөх шаардлагатай гэж үздэг. Яагаад гэвэл, улсынхаа хөгжил дэвшилд том хувь нэмэр оруулж, баялаг бүтээж буй ч энэ үйлдвэрийн ажилчид хүнд үйлдвэрт эрүүл мэндээрээ хохирч, бага цалин авч байна. Улс орон нутгийн эдийн засаг, төсөвт орон зай томтой Эрдэнэт үйлдвэрийн ашиг орлогоос ажилчид болон Эрдэнэтчүүд хүртэх ёстой. Үүнд оновчтой менежмент, зөв сэтгэл байхад л хангалттай. Боломж ч бий. Үе үеийн удирдлагууд нь дандаа улс төрөөс хамаарч томилогддог. Энэ бол нууц биш. Тиймээс менежментийн тогтолцоог нь өөрчилж, ил тод нээлттэй, мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Мэдээж, хяналтыг сайжруулж, ажилчид өөрсдөө хянадаг механизмыг бий болгох ёстой. Тэгж гэмээнэ Эрдэнэт үйлдвэрийг тойрсон хэл ам, улс төржилт үгүй болно. Тиймээс ачааны хүндийг үүрч байгаа ажилчид илүү хувь хүртдэг түүнийг дагаад ашиг орлого амьжиргаа нь дээшилж, баталгаажих ёстой гэж би үздэг.

Нөгөө талаар, энэ үйлдвэрийг Эрдэнэтчүүд өөрсдөө аваад явах бүрэн боломжтой бэлтгэгдсэн хүний нөөцтэй болчихсон. Гаднаас томилогдож ирсэн хүмүүс биш бэлтгэгдсэн боловсон хүчнүүд үйлдвэрээ удирдаж, ажилчдынхаа нийгмийн асуудалд дорвитой бодлого хөтөлбөр хэрэгжүүлэн эрүүл мэнд нь хохирсны дараа биш өвчлөхгүй байлгахад анхаарах, хамгаалахад бодит алхам хийх хэрэгтэй. Үүний хамгийн эхний бодлого бол ажилчдын цалинг нэмэгдүүлж, амьдралын чадварыг сайжруулах юм. Баялаг бүтээгчдээ тэтгэснээр байгалийн баялгийн тэгш хуваарилалт утгаараа эзнээ олно. Хүнд үйлдвэрийн ээлжийнхэн ямар хэцүү нөхцөлд, сэтгэл зүйн хүнд нөхцөлд ажилладгийг би мэднэ. Тиймээс удирдлагын менежмент буюу засаглал нь ажилчдадаа ээлтэй байх ёстой. Ээлтэй засаглал гэдэг нь энгийнээр хэлбэл, ажлын байрны дарангуйлалгүй, ажиллагсдаа харж үздэг удирдлагын тогтолцоо. Ажилчдын ашиг орлого нэмэгдэж, ажиллах урам зориг сэргэвэл түүнийг дагаад ар гэр улмаар аймаг орны иргэдийн ахуй амьдрал сайжирна. Ийм хүнээ гэсэн менежментийг нэн даруй хийх цаг болсон. Үүнийг Эрдэнэтийнхэн өөрсдөө хийж чадна гэдэгт итгэдэг.

-Улс төр хатуу тоглоом гэж ярьдаг. Энэ тоглоомд өөрийгөө хэр бэлтгэгдсэн гэж боддог вэ? Туршлага ч хэрэгтэй байх?

-Улс төрд туршлагажсан гэж өөрийгөө хэлэхгүй. Байнга суралцаж, алдаа оноогоо эргэж харж явах талбар бол улс төр юм байна. “Хэдийгээр та улс төрийг сонирхохгүй байж болох ч улс төр танаар оролдоно” гэдэг. Энэ бол гарцаагүй үнэн үг. Тэр утгаараа залуучууд улс төрийг ойлгож, оролцохгүй бол улс орныг зөв зүгт чиглүүлж, өөд нь татах эзэд нь хэн болох вэ. Тиймээс улс орныхоо ирээдүйг зөв зам дээр гаргахын тулд залуучууд одооноос улс төрд өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээр оролцож, хувь нэмрээ оруулдаг болох ёстой. Улс орон маань хөгжлийн зөв гольдролд орж, алдаа завхрал арилсан цагт бидний үр хойчийн ирээдүй гэрэлтэй, баталгаатай болж үлдэнэ. Энэ зүйлийн төлөө л эрдэм ухаан, мэдлэг чадвараа зориулна гэж хичээдэг, зорьдог. Бага багаар ч туршлага хуримтлуулж, сурч боловсорч байна л гэж боддог. Цаашид ч суралцсаар явна. Улс төрийн өрсөлдөөн бол цэвэр гэхээсээ илүү бохир, аюултай нь их. Тэр дунд л өөрийн ноён нуруу, шударга чиг хандлага, зөв зарчмаа авч үлдэх нь хамгийн чухал. Тэр л жинхэнэ улс төрч хүний дүр төрх болов уу. Өвөг дээдсийн маань сургаалд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг. Энэ бол улс төрчид байх хамгийн эхний зарчим. Тэгэхээр эрэмбэ дараа, цаг хугацааг барьж явах ёстой гэж ойлгож байна. Нөгөө талаас, улс төрд “би” гэдэг үзлийг хэзээ ч байлгаж болохгүй гэж боддог. “Би гэвэл жимээр явна, бид гэвэл замаар явна” гэдэг үгийг үргэлж баримталж явдаг. Багийн тоглолт л юу юунаас илүү гэж харж байна. Нэг зорилго, санаатай, түүнийгээ маш сайн ойлгосон байж гэмээнэ зорьсон үйл хэргээ биелүүлж, улс төрөөр дамжуулан зөв шийдлийг олох боломж ирнэ гэж ойлгодог.

-Ярилцлагын маань сүүлийн хором мэдээж таных. Иргэн хүн бүхэн үндсэн хуулиар олгогдсон хамгийн эрхэм сонгох эрхээ эдлэх өдөр ойртож байгаа энэ үед Эрдэнэтчүүддээ зориулах үг байгаа байх?

-Өмнө би товч хэлсэн. Одоо Эрдэнэтчүүд бид өөрсдөө Эрдэнэт хотоо өөд татаж авч явах болсон гэдгийг дахин хэлье. Олон жил явуулын хүмүүсийг дэмжиж сонгож, өөрсдийгөө төлөөлүүлж горьдлого тээж харсан. Олон удаагийн сонгуулиар бидний төлөө сайн ажиллах байх гэсэн итгэл найдвараа өгч, төлөөллөө болгон илгээсэн ч усанд хаясан чулуу шиг л цаашаа явсныг бүгд мэднэ.

Нөгөө талаас, Эрдэнэт үйлдвэргүйгээр Эрдэнэт хотыг төсөөлөхийн аргагүй. Тиймээс үйлдвэрийн менежмент, хэтийн зорилт зөв байвал Эрдэнэтийнхэн үр шимийг нь хүртэнэ. Үүнийг хийж хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургиж, шунал эрх мэдэлд улайрч, хууль дүрмийг уландаа гишгэдэг зохисгүй байдлыг өөрчилж, эрх зүйт, шударга ардчилсан, тогтвортой төрийг бүтээхийн төлөө хүн бүхэн зөв сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

-Баярлалаа. Танд амжилт хүсье.